Дэлхийн хүндрэлийг шийдвэрлэх уулзалт эхэллээ

 Дэлхийд эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлэх 20 улсыг багтаасан “Их-20”-ийн ээлжит дээд хэмжээний уулзалт Сөүлд эхэллээ. Уулзалтаар 2008 оноос эхэлсэн банк санхүүгийн хямралын дараах дэлхийн эдийн засаг, Ойрхи дорнод,  Солонгосын хойгийн  асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн хамгийн чухал асуудал нь валютын нуугдмал “дайн” буюу ханшийн өөрчлөлт юм. Учир нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Конгресс 600 тэрбум ам.долларыг он дуусахаас өмнө гүйлгээнд гаргахаар шийдвэрлэсэн.
Энэ нь дэлхий дээрх ам.долларын илүүдэл үүсгэж, валютаар түлхүү арилжаа явуулдаг улсуудад хүнд цохилт болохыг эдийн засагчид дүгнэжээ. “Их-20”-ийн уулзалтаар ам.доллар хэвлэх асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, БНХАУ-ын ерөнхийлөгч Ху Жинтао нар хөндөх аж. Харин Б.Обама юу гэж тайлбарлах нь дэлхий нийтийн сонирхлыг татаж байна. АНУ-ын Холбооны нөөцийн сан ямар зорилгоор 600 тэрбум ам.долларыг гүйлгээнд гаргах гэж байгаагийн мөн чанар нь тодорхой бус байгаа юм.

Сөүлийн уулзалтын бас нэг сэдэв нь хурдацтай өсч буй юанийн ханш. БНХАУ-ын Ардын банкны хэрэгжүүлж буй юанийн ханшийг өсгөх бодлого нь тодорхой болоод байна. Ингэснээр тус улсын эдийн засгийн өсөлтийг сааруулж болох ч тэд эмээхгүй байгаа юм. Цаашид юанийн ханш чангарах нь хөрш улсуудын жижиглэнгийн худалдаа эрхлэгчдэд хамгийн их хүндрэл учруулна. Тиймээс “Их-20” юанийн ханшийг тогтвортой барихыг шаардсан байна. Энэ талаар АНУ-ын төрийн тэргүүнийг дагалдаж яваа Конгрессын төлөөлөгч илэрхийлжээ.БНХАУ-ын талын хүсч байгаа нь макро эдийн засгийн бодлого юм. Тэд холбогдох улсуудтай энэ талаар тохиролцоонд хүрвэл Хятадын ирэх оны эдийн засгийн өсөлт урьд байгаагүйгээр өсөх хандлагатайг эдийн засагчид нотолсон байна.

Үе үеийн “Их-20”-ийн уулзалт иргэдийн эсэр­гүү­цэл­тэй тулгарч байсан. Мөн Сөүл энэ удаад уулзалт болох ордныг тойруулан хоёр мет­­рийн өндөртэй торон хашаа босгожээ. Түүнчлэн барил­гуудын дээвэр дээр мэргэн бууч суулгаж, далайн эргийн хам­гаалалт, тэр дундаа БНАСАУ-тай хиллэдэг бүс нутгийн хамгаалалтыг гурав дахин нэмсэн байна. Энэ бол урьдны дээд хэмжээний уулзалтуудаас хамгийн сайн хамгаалалттай нь аж.



ӨӨР СОНИРХОЛТОЙ ОХУ

Уулзалтын хажуугаар өөр сонирхол агуулсан удирдагчид байгаа юм. Тэр хурал эхлэхээс нэг, хоёр хоногийн өмнө ирж эдийн засгийн чадавх өндөртэй БНСУ-тай хэлэцээр хийгээд амжив. Тэдгээрийг тэргүүлэгч нь ОХУ, Их Британи юм.ОХУ-ын Д.Медведев БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мюн Пактай стратегийн шинж чанартай хамтран ажиллах 11 гэрээнд гарын үсэг зурсан байна. Хоёр тал дипломат харилцаа тогтоогоод 20 жил болжээ. Энэ хугацаанд жилд дунджаар 11 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн эргэлддэг аж. Хоёр улсын тэргүүнүүд дээрх тоог 20, магадгүй 50 болгож болохыг сануулжээ. Тэдний хамтран ажиллах боломжтой, тэргүүлэх сал­ба­руудад түлш эрчим хүч, эмнэлэг, сансар судлал, цөмийн болон компьютерийн технологи орж байна. Д. Медведев “ОХУ БНСУ-ын хөрөнгө оруулагчдыг татах сонирхолтой байна. Тэд ажлын байранд хөрөнгө оруулаад зогсохгүй, өнөөдөр хамгийн чухал болсон орчин үеийн технологи болон үйлд­вэрлэлийн соёлыг нэвтрүүлж байна” гэжээ.

Хоёр талын хамтын ажил­лагааны үр дүнгээс дурьдвал, Санкт-Петербургт “Хюндай моторс” автомашины үйлдвэр барьсан. Мөн Приморийн хязгаарт “Дэү Шипбюлдинг” компанийн оролцоотойгоор барьж байгаа усан онгоцны үйлдвэр, Сибир болон Алс Дорнодыг хөгжүүлэх хамтарсан төлөвлөгөөнүүд байгаа аж. БНСУ руу гаргаж байгаа экспортын гуравны нэгийг нефтийн бүтээгдэхүүн, эрдсийн түүхий эд эзэлдэг. Энэ барааны нийлүүлэлтийг Оросын тал зогсоох бодолгүй байна. Гэхдээ нэг түншээс хамааралтай болохгүй аж. “Манай нефть хийн бизнесийн чухал түнш бол БНСУ” гэж “Газпром” компанийн тэргүүн Алексей Миллер хэлжээ. Өмнөд Солонгосын бизнесмэнүүд байгалийн хийн хувийг ихэсгэж жилд арван тэрбум шоо метр болгохыг зорьж байгаагаа илэрхийлжээ.



“Их-20”-ийн бүрэлдэхүүн

* 1. Жакоб Зума Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын ерөнхийлөгч
* 2. Стипен Харпер Канадын ерөнхий сайд
* 3. Фелипе Калдерон
* 4. Барак Обама АНУ-ын ерөнхийлөгч
* 5. Кристина Фернандес Де Кирчнер Аргентиний ерөнхийлөгч
* 6. Дилма Роуссефф Бразилийн ерөнхийлөгч
* 7. Ху Жинтао БНХАУ-ын ерөнхийлөгч
* 8. Наота Кан Японы ерөнхий сайд
* 9. Ли Мюн Пак БНСУ-ын ерөнхийлөгч
* 10. Манмохан Синг Энэтхэгийн ерөнхий сайд
* 11. Сусило Бамбан Юудхоёно Индонезийн ерөнхийлөгч
* 12. Абдулла Саудын Арабын хаан
* 13. Дмитрий Медведев ОХУ-ын ерөнхийлөгч
* 14. Ресер Таиф Эрдоган Туркийн ерөнхий сайд
* 15. Хосе Мануэл Барросо Европын холбооны тэргүүн
* 16. Николя Саркози Францын ерөнхийлөгч
* 17. Ангела Меркел Германы канцлер
* 18. Сильвио Берлускони Италийн ерөнхий сайд
* 19. Дэвид Камерон Их Британийн ерөнхий сайд
* 20. Жулиа Гиллард Австралийн ерөнхий сайд

Бэлтгэсэн Д.ТҮВШИНТӨР


your widget

Featured Video


Recent Comments

 

Flickr


Popular Posts

Recent Posts

Download

Blogger Tricks

Толь Бичиг

Үг холбох

Popular Posts

Blogger Themes