2011 оны санхүүгийн зурлага



2011 оны санхүүгийн зурлага

Хонины орд
Шинэ онд хөрөнгө санхүүгийн хувьд таатай үйл явдлууд таныг хүлээж буйг хэлэхэд тааламжтай байна. Та мөнгөн хуримтлалаа нэмэгдүүлэхээс гадна санхүүгийн байдлаа эрс сайжруулж чадна. Гэхдээ санхүүгийн ахицаас үүдэж бий болсон нэр хүндээ хадгална гэдэг тун амаргүйг сануулъя. 2011 онд азтай байх ч гэсэн мөнхийн азтай байна гэж үгүй. Тиймээс дотроо бодолтой, дороо суурьтай байхыг зөвлөе. Хувьцаа худалдан авах юм уу эсвэл шууд хөрөнгө оруулалт хийх нь ашиг авчирна. Ер нь хониныхон энэ онд тун ч азтай байж, хаана ч гэсэн ялагчаар тодорно. Хавар цагаан туулай жил айлчлан ирэхэд ч таны аз хийморь хэвээрээ байх болно. Гэхдээ амар хялбар аргаар мөнгө олно гэж бодохын хэрэггүй. Та үнэхээр хөдөлмөрлөж, зүтгэж чадсаныхаа шагналыг л сайн хүртэх юм байна. Зарим хониныхон өв залгамжлах замаар гэнэтийн их хөрөнгөний эзэн болох магадлалтай.

Үхрийн орд
Шинэ оны эхний хоёр сар та санхүүдээ санаа зовохгүй байж болно. Гэхдээ та энгийн нэгэн ажилтан бол эхний саруудад цалин хөлсөө нэмүүлэх талаар санал гаргах хэрэггүй. Таны хүсэлтийг хүлээж авах хүн ч олдохгүй болов уу. Харин та өөрөө хөрөнгө оруулагч юм уу үйлдвэрлэгч бол арай өөр салбарт хөрөнгө оруулах боломж нөхцөлийг судлаарай. Хавар таны санхүүгийн байдал хэвийн жигд хандлагатай байх боловч дэлхийн зах зээл эрсдэлтэй, хөдөлгөөнтэй хэвээрээ байх тул мөнгөө хуримтлуулж, зайлшгүй хэрэгцээтэй үед зарцуулах хуримтлал бий болгохыг хичээгээрэй. Зун та гэнэтийн их зарлага гаргах шаардлага гарч магад. Үхрийнхэн нэг зүйлд хэтэрхий шунах тун дуртай хүмүүс тул энэ зандаа автан эрсдэлтэйг нь мэдсээр байж зун их хэмжээний мөнгө гаргах бололтой. Намраас санхүүгийн байдал эргэж тогтвортой болно. Оны төгсгөлд та хэн нэгнээс зээл авсан мөнгөө буцааж өгөх юмуу өөрөө томоохон хэмжээний зээл авах шаардлага гарна.

Ихрийн орд
Мөнгө санхүүгийн асуудлыг шийдэхдээ тун хянамгай, хашир байхыг сануулъя. Шинэ он тун таагүй байдлаар эхлэх магадлал байна. Та мөнгөө сайн хуримтлуулж, илүү зардлаас бүрэн татгалзсан цагт танд тулгарах санхүүгийн хүндрэлээс гарч чадна. 2011 онд мөнгөний асуудал таны хяналтаас гарах магадлал их байна. Та аль болох бага зардал гаргахыг хичээх боловч байдал улам дордох болно. Хавар харин харьцангуй сэргэлт мэдрэгдэнэ. Тооцоогүй зүйлээс гэнэтийн орлого олж, байдал сайжирна. Зун санхүү тогтвортой болж, та ирээдүйг тооцож, төлөвлөх боломж гарч ирнэ. Эрсдэлтэй алхам хийхгүй байсан нь дээр. Намар харин та азаа үзэхэд алдахгүй. Гэхдээ зөн билэгтээ бус ухаан, логик сэтгэлгээндээ найдсан нь илүү амжилт авчрах болно. Таныг эрсдэл, алдаа үргэлж дагаж явах тул бага зэрэг хяналт алдахад л мөнгөний томоохон асуудалтай тулгарч болзошгүй.

Мэлхийн орд
Шинэ онд таны санхүүгийн байдал тогтвортой байх болно. Гэхдээ болгоомжлохоор зүйл тохиолдохгүй гэж бодох хэрэггүй. Зах зээлийн нөхцөл байдал таны хүссэнээс эсрэг тийш эргэж эхэлнэ. Хаврын эхний сар хүртэл тун хашир, бодлоготой байсан нь дээр. Энэ үед та илүү мөнгө зарцуулбал хэн ч танд туслах боломжгүй байхыг анхаарна уу. Хавар эрсдэлтэй бизнест хөрөнгө оруулах хэрэггүй. Харин гарцаагүй ашиг олох нь тооцоогоор батлагдаж буй зүйлд хөрөнгө оруулах юм уу мөнгөө хатуу хэлбэрт шилжүүлбэл илүү үр дүнтэй. Зун та сугалаанаас их мөнгө хожих найдлагагүй ч багагүй урамшуулал хүртэж магад. Ашигтай гэрээ хэлэлцээр хийх боломж гарна. Намар таны санхүүгийн байдал илт сэргэнэ. Шинэ түвшинд гарч, гачигдахгүй байх боломж бүрдэнэ.

Арслангийн орд
Шинэ он хөрөнгө санхүүгийн байдал тань сэргэж эхэлнэ. Та урьд нь хийж, бүтээсэн ажлынхаа үр шимийг хүртэж эхлэх юм байна. Хавар ч гэсэн тун таатай байх болно. Таны хийсэн алхам зөв, тооцоо бодлого тань алдаагүй урагшилна. Гэнэтийн орлого олох юм уу урамшуулал хүртэхийг ч үгүйсгэхгүй. Хэдийгээр их хэмжээний мөнгө биш ч гэсэн та түүгээр сэтгэлдээ нийцсэн худалдан авалт хийх боломжтой. Мөрийтэй тоглоомд одтой байна. Зун аз хийморь таниас нүүр буруулахгүй. Та өөрөө тооцоотой байж чадвал ашиг аяндаа ороод ирнэ. Харин сайн тооцолгүй мөнгөө зарцуулбал санхүүгийн хүндрэл үүсч болохыг анхаараарай. Оны сүүлчээр зах зээлийн гэнэтийн өөрчлөлтөөс тодорхой хэмжээний алдагдалд орж болзошгүй.

Охины орд
Ирэх онд хөрөнгө санхүүгийн аюулд та унахгүй. Сүүлийн жилүүдэд нэг л явцгүй, ахихгүй байсан бүх зүйл аяндаа зөв урсгалдаа орно. Хувь заяа таниар сүүлийн хэдэн жил чамгүй тоглосон бол одоо аз хийморь бэлэглэхээр шийджээ. Гэхдээ оны эхэнд санхүүгийн байдал тогтворгүй байна. Охиныхон хэзээд тун хянамгай байдгийнхаа үрээр их зарлага гаргахгүй байж чадна. Гэвч тооцоондоо алдаа гаргаж, хэн нэгэнд ахиу мөнгө төлчихөж магадгүй. Хавар санхүү сайжирна. Ялангуяа оны эхэнд та мөнгө хадгалж амжсан бол тэр хуримтлал тань хэд дахин үржигдэх боломж гарна. Харин намрын эхэнд орлогын шинэ эх сурвалж хайж эхэлнэ. Гэвч та өөдрөг байсныхаа үрээр амжилт олно. Харин оны төгсгөл рүү та байж болох хамгийн дээд хэмжээндээ тулчихсан юм шиг санагдан, бүх зүйл эргээд уналтад орох магадлалтай юм шиг бодогдож санаа зовиноно. Гэвч удалгүй дэмий зүйлд санаагаа чилээснээ ойлгох болно.

Жинлүүрийн орд
Бусадтай сайтар зөвлөж шийдвэр гаргахгүй бол ганцаараа толгой мэдэн гаргасан шийдэл мөнгө санхүүгийн том хүндрэлд унагаж мэднэ. Оны эхнээс л гарлага илт мэдрэгдэж эхэлнэ. Хавар ч энэ байдал сайжрахгүй. Төгрөг бүрээ тооцохыг сануулъя. Хэрвээ та өөрөө хянамгай байж, хичээж чадвал таны эсрэг эргэсэн мөнгөний урсгалыг өөртөө ашигтайгаар зохицуулах боломж олдож эхэлнэ. Зуны эхээр санхүү тань сайжирна. Гэхдээ цаашдын төлөвлөгөөгөө сайтар гаргаагүйгээс болж хэрхэхээ сайн мэдэхгүй, нэг газраа эргэцэж магадгүй. Та туршлага муутай нэгэн бол намар бие даан шийдвэр гаргах хэрэггүй. Оны төгсгөлд харьцангуй одтой байна. Цалин хөлс тань нэмэгдэнэ. Үндсэн орлогоос гадна ч орлого олох боломжтой болно.

Хилэнцийн орд
Санхүүгийн хувьд өөдрөг жил. Та их шийдэмгий байж чадвал илүү ашиг олно. Хэт хуучинсаг үзэлдээ автаж, шинэ алхам хийхээс сэргийлсээр байвал орлого олох боломжоо алдана. Тэгэхээр сайтар бодож байгаад шийдэмгий хөдөлсөн нь дээр. Хавар тийм ч таатай байж чадахгүй. Бүсээ сайтар бүслэхийг шаардана. Зун ч гэсэн байдал эрс тэс уур амьсгалд өрнөнө. Хамгийн гол нь дахиад л таны шийдэмгий байдал гол дүрд тоглоно. Та өөртөө итгэлтэй, сайтар тооцож зоригтой хөдөлбөл амжилт олох магадлалтай. Гэхдээ зун гэрээ хэлэлцээр хийхдээ тун болгоомжтой байгаарай. Оны төгсгөл рүү байдал сайжирна. Байнгын нэмэлт орлоготой болно. 2011 онд та бүхэлдээ ашигтай ажиллах бөгөөд оны төгсгөлд тогтвортой байдалд бүрэн шилжинэ.

Нумын орд
Шинэ он санхүүгийн хувьд амжилттай эхэлнэ. Харин хоёрдугаар сард гэнэтийн алдагдалд орж болзошгүй. Томоохон худалдан авалт хийхдээ буруу сонголт хийх магадлалтай. Хавар санхүүгийн байдал аажмаар өснө. Асуудлыг шийдэх хамгийн зөв замыг олж чадна. Мөн шинэ орлогын үүд нээгдэнэ. Нумынхан энэ үед мөнгөндөө санаа зовохгүй байж болно. Зун ч санхүүд элдэв хүндрэл нүүрлэхгүй. Харин зуны сүүлч рүү та хэт өөртөө эрдсэнээр алдагдалд орох магадлал байна. Танай гэр бүлийнхэн эцсийн зоосоо шавхан шинэ загварын хувцас авахыг ч илүүд үзэх үе намар гарч ирнэ. Өвөл байдал улам хүндрэлтэй болох нь. Эрсдэлтэй алхам бүү хий. Хүнд мөнгө зээлүүлэх хэрэггүй. Хөрөнгө оруулах ч шаардлагагүй. Та олохоосоо илүү алдах болно. Хэдийгээр оны төгсгөлд заавал алдагдалд орохгүй байж болох ч байдал хяналтаас гарахдаа амархан байхыг анхаараарай.

Матрын орд
Оны эхний сард та орлого олох боломжоо алдчихсан юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ эргээд бодоход таны амьдралын хамгийн амжилттай, сайхан үе байсан шиг санагдах вий. Матрынхан үүрэг хариуцлагаас эмээдэггүй зантай нь тэднийг амжилтад хөтөлнө. Хавар санхүүгийн байдал тийм ч таатай биш байна. Хэдийгээр томоохон алдагдалд орохгүй ч бас сайжрахгүй. Зуны эхээр байдал аажмаар сайжирч эхэлнэ. Чухал худалдан авалт хийх боломж олдоно. Намар наймаа, хөрөнгө оруулалтаас итгэлтэй байж чадвал ашиг олно. Харин оны сүүлийн саруудад санхүүгээ сайжруулах сайхан боломж гарч ирнэ. Та энэ хугацаанд маш ихийг олох болно. Таны сэдсэн бүхэн их мөнгөний хаялга авчирна. Та хангалттай олсон шигээ хангалттай зарлага гаргаснаар оныг үдэх бололтой.

Хумхын орд
Оны эхэнд санхүүгийн хүндрэл үүснэ. Гэхдээ та зөв гарц олж чадна. Хоёр, гуравдугаар сард тун нарийн тооцоотой байх хэрэгтэй. Мөнгөний асуудалд энэ үед тооцоо муутай хандвал алдагдалд орно. Дөрөвдүгээр сараас сөрөг нөлөө арилж, ашигтай ажиллаж эхэлнэ. Мэргэжлээрээ ч багагүй ашигтай ажиллах боломж нээгдэх юм байна. Гэтэл зун эргээд санхүү тань хүндэрнэ. Хэдийгээр сугалаа юм уу гэнэтийн зүйлээс ашиг олох ч түүнд хэтэрхий автах хэрэггүй. Сохор аз үргэлж дагадаггүй гэдгийг санаарай. Сайтар мэддэг салбартаа хөрөнгө оруулалт хийвэл алдахгүй. Намар ашиг орлого нэмэгдэнэ. Харин оны төгсгөлд ихээхэн алдагдалд орж болзошгүй. Тодорхой хэмжээний хөрөнгө мөнгөтэй байх нь давуу тал биш харин шинэ санаа, шийдвэртэй алхам л давуу тал байдаг гэдгийг оны төгсгөлд ойлгох болно.

Загасны орд
Шинэ ондоо тун эрч хүчтэй орно. Та өөртөө итгэлтэй байснаар ямар ч хүндрэлийг гэтэлж чадна. Гэхдээ үргүй зардал багагүй гаргах бололтой. Тооцоотой байхгүй бол өөртөө хэт эрдсэнээр эргээд дийлэхгүй их өрөнд унах вий. Хэрвээ та хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг бол хавар таатай боломж тохионо. Сэжигтэй гэмээр их ашигтай зүйлд мөнгөө зарахдаа бодлоготой байгаарай. Таны өмнөөс хэн ч алдагдлыг тань төлөхгүй гэдгийг сана. Зун нь та санхүүгийн хувьд ашиг олохгүй. Их хашир, хянамгай байх хэрэгтэй. Тэгэхгүй бол урьдчилан тооцоогүй алдагдалд гэнэт унаж мэднэ. Намрын дунд сараас санхүү тань тогтвортой болно. Хэн нэгний дэмээр багагүй ашиг олно. Оны төгсгөлд орлого сайжирч, хуримтлалаа ихэсгэнэ.


your widget

Featured Video


Recent Comments

 

Flickr


Popular Posts

Recent Posts

Download

Blogger Tricks

Толь Бичиг

Үг холбох

Popular Posts

Blogger Themes