Уужуу сэтгэлт Монгол
Нэг удаа сурвалжлагч орон орны хүн зоноос юунд санаа зовж, юунаас айдгыг асуужээ. Хятад хүн хэлж байна гэнэ. Ургац муу байхвий гэж санаа зовж байна. Ер нь бол өлсөхөөс л их айж байна даа гэж.
Герман хүн ажилүй болохоос айж байна, хожим нас дээр гарсан цагт тэтгэвэр бага байхаас л санаа зовж байна даа гэжээ.
Харин монгол хүн, манай нөгөө хэний хэн амьдралдаа хөлөө олохгүй жаахан архи дарс уугаад ажил төрөлгүй муухан яваа гэсэн, түүнд л санаа зовж байна. Сэхээ авч эргэлгүй, буруу замаар будаа тээгээд хэрэг төвөгт орчихвий л гэж айж байна гэсэн гэдэг. Өөрийгөө гэлгүй өрөөлд санаа тавьдаг монгол хүний сэтгэл юутай уужуу юм бэ.
Тэнэг Монгол
Бага идсэн хирнээ их баачихлаа гээд уйлаад сууж байгаа хүнээс хэн болохыг асуухад, хувь тэнцүү хүртсэн ч түүнээс нь хэрэг болохгүй гаргаж хаяах зүйл их байсанд гутраад уйлж байгаа Монгол хүн сууж байна гэнэ. Уг нь Монгол хүмүүс, бусдын газар нутаг хүн амтай харьцуулахад дэлхий дээр нилээд дээгүүр орох баялагтай, өргөн уудам үзэсгэлэнт байгальтай газар нутагт амьдардаг. Харин хүндээ хөнгөнөөс өгнө гэгчээр өрөөл бусдтай хамтарч ажиллах болохоор л, илүү хүртээд байгаа юм шиг мөртлөө, биед шингэцгүйг нь шилээд авчихдаг, эсвэл доривтой нүдэнд харагдаж гарт баригдах юм болголгүй олноороо тарааж идээд баас болгочихно. Танил маань улс өгч байгаа 70 мянган төгрөгийг ууж идэж дуусахаасаа өмнө мориндоо тохох эмээл авна гэж ярьж байсан юм. Хэд хонгийн дараа уулзахад хүний эмээл гуйж тохоод явж байгаатай таарав. Юу болсон талаар асуухад, жаахан ууж идэх юм авсан чинь эмээлэнд мөнгө хүрдэггүй, тэгээд л хоол унданд зарцуулаад дууссан гэж билээ. Энэ мэт жишээ, захаас аван замаар нэг таарна. Иймдээ л их баачихсандаа санаа зовсон уу, алдсандаа бантсан уу уйлж суугаа нь тэр юмсанж.
Ухаантай Монгол
Хүний үгэн дундуур битгий ор, ахмадын үгийг дуул эрдэм болно, малаа битгий өшгөл буян барагдана, газар битгий зур ээжийнхэн бие өвдөнө, шувууны өндөгөнд сүүдрээ битгий хүргэ эх нь голдог юм, үүд битгий алдал олз орохгүй, багана битгий тэвэрч тул зовлон хураана, босго дээр битгий гишгэ гарз гарна гэсэн өдөр тутмын цээр, сургаал сонсож монгол хүүхдүүд өсөж том болдог. Гал руу орчихвий гэхдээ учир мэдэхгүй нялх үрээ орны хөлөөс уяж уйлуулна, түлэгдэж байхаар уйлж байсан нь хамаагүй дээр байлгүй яахав. Малдаа явахдаа хүүхдээ данхтай зэлгий цай, хатсан ааруул, боорцог өрөмтэй орхиод явна. Тэд ч яахаа мэднэ. Багаас хурга ишигтэй ноололдож өсдөг болохоор бас ч хирдээ чадал сууна. Дүүгээ харж байсангүй гэж хаяа банга хүртдэг болохоор, энэ ажилдаа их л хариуцлагатай хандана. Ингэж өсөж байгаа бяцхан охин гэрт гал гарахад айж зугтаахаа урьтал болгосонгүй, харин ч бяд суусан гараараа хөлд ороогүй дүүгээ өргөөд галд шатах аюулаас аварчээ. Монгол ухаан, монгол ахуйд өсөж байгаа энэ хүүхдээр бахархавч баршгүй. Уйлж бархирч байгаа дүүгээ чадан ядан өргөөд, дүрэлзэн асах гал дундаас гарч байгаа жаалхан охин үнэхээр баатар мөн бөгөөд, бодох бүрийд хамар шархирч баярын нулимс цийлэгнэнэ. Тэр сандарч тэвдсэнгүй айж бэрэгсэнгүй, харин монгол ахуйн хэвшилтэй бодох ухаантай байж чадсан байна.
Сэргэлэн нь дэндсэн монгол
Нэгэн үйлдвэрийн эзэн Америк, Хятад, Монгол гурван хүнээс ажилд шалгаруулж авах болж. Гурвуулаа мэдлэг боловсрол өндөр, сайхан залуучууд гэнэ. Ингээд бүгдэд нь ижилхэн даалгавар өгчээ. Үйлдвэр дундуур сүлжиж явсаар арын хаалга онгойлгуут зүүн талд чинь нэг шүүр байгаа түүнийг аваад ир гэж. Америк эр сүлжиж явсаар төөрөөд арынхан хаалгыг ч ололгүй буцаад ирж. Хятад эр хаалгыг хайж олоод онгойлгоод харсан зүүн талд шүүр байсангүй гэнэ. Шүүр байхгүй байна гэсээр буцаад ирж. Эцэст нь Монгол залуу шүүр олж ирэхээр явж. Хаалгыг ч төвөггүй олж, онгойлгоод харсан шүүр байхгүй байна гэнэ. Тэгэхээр нь хаалгаар бүр гараад баруун талд нь харсан чинь шүүр хаалганы ард байжээ. Шүүрийг олоод үйлдвэрийн эзэнд хүргэж өгч. Дараа нь үйлдвэрийн эзэн энэ гурваас хятад залууг ажилд авсан гэдэг. Учир нь, угаас хаалгыг олоогүй Америк залуу бол хэрэггүй, харин Монгол залуу хий гэснээс илүү өөрөө сэтгээд олоод ирсэн тул, хожим ахиж дэвшээд өөртэй нь барьцаж болохоор залуу тул авсангүй. Өнөөх ажилд орсон Хятад залуу бол зөвхөн хий гэснийг л хийх ба эзнээ, харыг цагаан гэвэл дагаад л цагаан гэж хэлэх дуулгавартай болохоор нь ажилд авчээ. Энэ удаа монгол хүний сэргэлэн нь тэдэнд дэндсэн байжээ.
Атаархуу Монгол
Хоёр толгойтой могойны нэг толгой нь өнөөхдөө атаархаж хортой өвс идээд үхэж гэнэ. Энэ үлгэр мэт нэр алдар олох гэхдээ өөрөөс нь өрсөөд байгаа нэгнээ доош татах нь хаа ч л байдаг хүний муухай зан. Зөвхөн монголчууд л бие биендээ атаархаж, нэгнээ муулаад байдаг гэвэл өрөөсгөл. Харин манайхан цөөхүүлээ болохоор нэг нэгнээ танина. Хэн нэгэнд хэлсэн үг тойрч явсаар эрт орой нэгэн боловч дуулддаг болохоор л бид илүү атаач юм шиг санагддаг байх, монголчууд л ганцаар тийм мэт сэтгэж, хүлээж авдаг нь буруу юм. Дээхнэ манай нутагт нэг залуу хувийнхаа хэдэн бог малыг бараг л үхүүлээд дуусгаж билээ. Учир нь айл саахалтын үе тэнгийн залууг нутгийн хөгшчүүл их л магтаж, хол явж малаа оторлуулж хужирлачихаад ирсэн тухай ам булаалдан ярихыг, мань хашир сонсоод дотроо битүүхэндээ атаархаж түүнээс юугаараа дутахав гэж санаад, бусадтай ч зөвлөлгүй нэг өглөө оторт гарч, хэд хонгийн дараа малаа хужиртай нууранд оруулсанд, хэдэн хонь ямааныхан гэдэс дотор нь түлэгдээд тийрээд үхжээ. Хужир шүү багатай нутгийн сураагүй малыг аажим дасгаж хужирлахгүй бол ингэдэг юмсанж. Уг нь зөв л атаархаж, даанч малаа үхүүлдэг нь тоогүй.
Хулгайч монгол
Манай нутагт орчин цагийн нэгэн сайн эр байдаг байлаа. Нэрийг нь эс дурдан өгүүлсүү.
Мал хувьд гарахаас өмнө манай нутгаар Хөвсгөлийн тууварчид хотыг зорин мал их тууварладаг байсан юм. Тууврын хонь гэж хөндий дүүрч уул бүрхсэн их мал бэлчинэ. Цөөхөн хэдэн хүн энэ их малыг усны тунгалаг, өвсний сорыг дагуулан бэлчээнэ. Манай сайн эр тэр их хонины хажуугаар гарч явахдаа дээлийнхээ бүсийг тайлаад, онцгойрох тэмдэг багатай хониноос шилж бариад, бүсээ хүзүүнээс нь тооно тушаад тавьчихдаг байж. Ингээд тууврынханы майханд явж очоод, авгай төрөөд айлаас шөлний хонь бариулж аваад бүсээрээ оосорлоод явж байтал алдаад цойлуулчихлаа, танай хонинд ирээд нийлчихээгүй байгаа гэхэд, хар муу санаагүй тууварчид хониндоо үзэхэд өнөөх нь, хэлсний нь дагуу байх учир мань эрд өөрсдөө барьж өгөөд явуулдаг аж. Хожим нь хонь дутсан нь мэдэгдсэн ч өөрсдөө барьж өгөөд явуулсан тул энэ нь хулгай болдоггүй байжээ. Арга бачтай хулгайч нараа гэж.
Онгироо монгол
Монголчууд аливааг сурахдаа тун хурдан чадамгай. Харьд очоод бусад улсын оюутнуудтай хамт хэл сурахаараа тун хурдан цойлоод, багш нарын магтаал их хүртэнэ. Харин манай өмнө зүгийнхэн маш удаан аажмаар тасралтгүй сурна. Энэ хооронд хамраа сөхсөн монголын оюутнууд дарвиж цэнгэсээр бусдадаа гүйцэгддэг бичигдээгүй хуультай. Бид чаддаг гэдэг нь түрхэн зуур ганц хоёрхон жилийн настай болохыг мэдэхгүй, нөгөөдүүлээ тэнэг төлгөөр нь дуудаж тэрүүхэндээ хэсэгхэн хугацаанд бусдаас илүү гэж омогшиж онгирдог Монгол хүний зан уу, засрах болов уу. Монголчуудыг магтаад, сэтгэх хурданд нь тааруулаад ажлаар шахаад өгвөл тулах цэг өг гэж онгирч мэдэх л байх.
Атаархамаар Монгол
Монголд олон жил амьдарсан Японы сэтгүүлч бүсгүйг МН-25 ийн Алтай, нэгийг харьцах нэг нэвтрүүлэгт уриад, Монгол хүмүүсийн хамгийн сайхан зан чанрыг хэлэхгүй юу гэхэд. Японд бол хүүхдүүд бүр багадаа сургуульд орохоос эхлээд л ямар мэрэгжилтэй ямар хүн болохоо шийддэг. Ингээд сургууль төгсөх хүртлээ тийм болох ёстой гэсэн дарамтан доор амьдардаг. Харин тэнд маш их өрсөлдөөн байдаг учир,зорилгодоо хүрч чадахгүй үе бишгүйдээ тохиолддог, тийм болохоор олон жилийн дарамтан доор явсан хүүхэд зорилго нь биелээгүй болохоор, амьдарлыг өөрөөр харж чадалгүй сэтгэл санаагаар унаад амиа хорлох явдал их гардаг. Харин монголчуудын нэг сайхан зүйл бол, за яахав дээ гэж хэлдэгт байгаа юм. Энэ үнэхээр сайхан үг, ямар нэг зүйл бүтэхээ байхад, за яахав болохгүй бол ингэндээ, үгүй бол тэгсэн ч яахав гээд л, их тайвуу амьдардаг хүмүүс. Атаархамаар шүү гэж билээ. За өнөөдөр салхитай жаахан зэврүүн өдөр байна, маргааш нөгөөдрөөс л нүүхээс, гэсэн үгийг Герман жуулчин сонсоод ямар их эрх чөлөө вэ гэж дуу алдсан юм. Цагт баригдахгүй үнэхээр атаархамаар биш гэж үү .
Ажилсаг монгол
Монгол хүмүүс хаа очсон газраа л ажилсаг, гавшгайгаараа нэрлэгдэнэ. Барууны нэгэн улсад оюутнууд амралтаараа цагын ажил хийнэ. Зөвхөн монгол оюутнуудыг авдаг үйлдвэр ч бий. Монголчууд үйлдвэрийн 8 цагын ажлыг нь 4 цагт л гялалзуулаад хаячихна. Ингээд үйлдвэрийн норм нэмэгдэнэ. Гэсэн ч тэд хөнгөхөн хийгээд дуусгана. Шөнийн ээлжинд зөвхөн монгол оюутнууд л ажиллана. Хаяа суурь машин нь эвдрээд зогссон ч, монголчуудаас эр эм гэлгүй түлхүүр барьчихсан энийг нь ингэчихье, тэнд нь юм хавчуулчихая гэж байгаад засчихна. Өөр орны оюутнууд, суурь машин буруу ажлаад эхэлбэл унтраагаад л засварчин иртэл хүлээгээд л байж байна. Харин манай хэд эртхэн ажлаа хийгээд дуусгая гээд бүр суурь машинаа хурдан дээр нь тавьж ажлуулаад 8 цагынхаа ажлыг 4,5 цагт хийчихээд, хэн нэгнийгээ шөнийн дэлгүүр гүйлгээд, ширээн дээрээ тухлан сууж үйлдвэр доригтол дуулцгаана. Үйлдвэрийн мастер нь мэддэг ч өөрийнхөө цагын бүртгэлийн картаа монголчуудын хэн нэгэнд өгчихөөд хариад унтчихна. Өглөө гарахдаа картыг нь уншуулчихаад яваад өгнө. Хэн хэндээ амар. Хажуудаа хэн нэгнээр хянуулаад байхад нэг нь дургүй, нөгөө нь итгэлтэй хүмүүс байгаа болохоор орхиод гэртээ хариад унтаж байвал жаргал. Харин монголдоо бол ажилгүй хулгайчаараа дуудуулна. Адилхан ажил хийгээд байхад дэргэдэх хужаа нь илүү цалин аваад байхаар, гомдож цөхөрсөндөө л дэл сул тахир хадаас хармаалдаг биздээ. Ахиу цалин өгөөд, хариуцлагын өндөр болговол Монгол хүн уулыг эргүүлж усыг ухраана даа. Ажилсаг хүмүүсээ гэж.
//
Aнгилал
Нийтлэл
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...