Хотын дарга өнөөдөр үдээс хойшжингоо автобусаар аялалаа. Дөрөвдүгээр дэлгүүрийн буудалд Чингэлтэйн чиглэлийн I-085 дугаар бүхий ягаан өнгийн автобус ирлээ. Бидний урдуур гурван шуудай ундааны савтай нэгэн зүтгэсээр орох гэтэл кондуктор бөөн дуу шуу болон хөөж туусан ч дарга араас нь түлхээд оруулчихлаа. Хойноос нь бөөн хүн түрээд мань эр юутай ч хөөгдсөнгүй арын суудал руу чиглэлээ. Загнаж загнуулж байгаа хоёр хэн хэнийгээ тоож байгаа шинж алга. Дасал болсон дүр зураг ажээ. Кондуктор бүсгүй ширүүн. Хэнбугайг ч нааш цааш түлхэн зандарна. Бид ч хурдан л мөнгөө сарвайлаа. Тэр хүнд хэрэгтэй юм нь ердөө тэр. Мөнгө өгч буй амьтан нь хүн байна уу, нохой байна уу хамаагүй. Мээрийн 500 төгрөгний хариултыг бараг л шидсэн дээ.
Автобус нэгдүгээр компанийн энэ автобус бохир гэж ярилтгүй, хэдэн өдөр цэвэрлээгүй шинж илхэн. Уг нь хамгийн тохитой граж, угаалгийн газар эднийд бий. Автобус нь ч шинэ. Эзэн хүний сэтгэл л алга. Ууртай кондукторыг бодвол иргэд өөр. Ногоон дээлтэй эмээ суудлаас ухасхийн босоод хотын даргад суудал тавьж өгсөнд дарга, та өөрөө суу би зүгээр гэсэн ч эмээ, юу гэсэн үг вэ хотын дарга явж байхад гэж хэлэхэд л кондуктор хяламхийн харлаа. Эцсийн буудал дээр ирж жолооч, кондуктор хоёртой ярилцсан хотын дарга, хөгжимнийхөө дууг багасгаж, буудлаа зарла, үйлчлүүлэгчээ хүндэл, автобусаа цэвэрлэ, гэнэт гэнэт огцом тормозлодгоо болих хэрэгтэй гэж хэлсэн. Чингэлтэйгээс буцсан автобус маань Тэнүүн огоо компанийн Ар согоот-Чингис Соосэ чиглэлийн 9-021 дугаарын тэрэг. Ер нь хүн тээвэрлэхэд хэцүүхэн унаа. Энд тэндгүй сиймхий, нөхөөс, ханзархай. Хаалга нь онгойх бүр бөмбөг дэлбэрэх мэт дуу гарч, дав хийтэл цочооно. Цонх битүү цан. Тоос шороог тоох ч аргагүй.
Кондуктор бүсгүй харин чив чимээгүй гараа сарвайн мөнгөө л хураана. Буудал дээр ирэх үед өөртөө л дуулдах төдий зарлана. Ер Тэнүүн-Огоо компанийн кондукторууд иймэрхүү л харьцаатай. Бид энэ өдөр тус компанийн гурван ч чиглэлийн автобусаар зорчсон. Нөгөө л жигтэйхэн чанга хөгжим, битүү цантай, хүйтэн, шороо тоостой автобуснууд, дуут дохио хангинуулсан, гэнэт огцом тормозтой унаанууд. Хотын мээр 9-021 дугаарын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулж иргэдийнхээ эрүүл мэндээр дэнчин тавихгүй гээд буусан. 3-4 дүгээр хороолол –Тэнгис кино театрын чиглэлийн Атибус компаний 12-019 дугаарын ногоон автобус ч дээрхүүдээс ялгарах юмгүй, яг л адил. Нэгээс нөгөөд шилжин гэр хороолол хотын төв, захын хэсгээр зорчсон хугацаандаа Автобус -3 компанийн хорооллын чиглэлийн 3-085 дугаарын унаанд суух гээд чадсангүй. Нэгдүгээр замаас гурав руу, тэндээсээ нэгдүгээр замд ирж буудлаасаа өнгөрч зогссон тэр машины жолооч хүнээ ч авалгүй арилаад өгсөн. Ийнхүү Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Г.Мөнхбаяр хагас өдөр нийтийн тээврийн автобуснуудын үйлчилгээ, жолооч, кондукторуудын соёл, зан харьцаа, автобусны ариун цэвэр, бүрэн бүтэн байдалтай танилцахдаа иргэдтэй ч санал солилцож, жолооч, кондукторуудыг зэмлэхийн зэрэгцээ авдаг цалин, ахуй амьдралыг нь ч судласан.
Иргэд хотын мээрийг автобусаар зорчиж, байдалтай танилцаж байгаад талархаж, хотын даргатайгаа тааралдсандаа бэлэгшээж байсан. Утсаар ярьж байсан хүү, за хүлээж байгаарай телевизээр гардаг хүн явж байна гэснээ, байз байз хотын даргатай энд таараад аюул болж байна хэмээх нь дуулдсан.Таяг тулсан хэжээл насны эр Чингэлтэйгээс хамт ирсэндээ баярлаж, гэр хорооллын автобусанд сууж яваа хотын дарга жинхэнэ дарга мөн гэсэн бол Должин гэдэг эмэгтэй хороолол явахдаа, Г.Мөнхбаяр дарга мөн шиг л байх юм. Автобусанд юу хийж яваа юм болоо гэж асуусан. Ийнхүү автобусаар зорчиж байдалтай биечлэн танилцсан хотын мээр өрөөндөө ирээд Нийтийн тээвэр, Газрын алба, Төрийн сан, Замын цагдаагийн дарга нар, Улаанбаатар хотын Ерөнхий архитекторыг дуудаж, автобусны эцсийн буудлууд дээр энэ жилдээ багтааж жолооч, кондуктор нарт зориулсан үйлчилгээний цэг барих зураг хөрөг, газар, хөрөнгөний асуудлыг даруйхан шийдэх үүрэг өгсөн. “Үүрийн гэгээнээс үдшийн харанхуй болтол олондоо үйлчилдэг тэдэнд алдаа дутагдал байгаа ч бид тэднийгээ харж хандаж байж, сайн сайхан үйлчилгээ нэхнэ. Тийм учраас тэр цэгт хоолны газар, душ, жорлон гээд бүх үйлчилгээ багтсан байх ёстой шүү” гэж хэллээ.
//
Aнгилал
Мэдээ мэдээлэл
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...