-Хаадын дүрд сайдууд тоглож, эрхэм гишүүд загвар өмснө-
Хожмоо театр судлаач, урлаг судлаач, шүүмжлэгч нар эл жүжгийг инээдмийн жүжиг юм уу, түүхэн жүжиг юм уу, эсвэл эмгэнэлт жүжиг юм уу гэдэг ангиллыг нь тогтооно биз. Жүжгийг хэн гэгч хэзээ зохиож хэн найруулж байгаа нь мэдэгдэхгүй болохоор хамтын бүтээл гэхээс өөр арга алга. Харин жүжгийн гол ба туслах дүрүүд болон модель болж Монгол Улсын ерөнхийлөгч гэр бүлийн хамт, УИХ-ын дарга гэр бүлийн хамт, УИХ-ын гишүүд, Төрийн сайдууд зарим томоохон яамны газрын дарга нар тоглоно шүү дээ. “Төрийн ордны золголт” жүжгийн жүжигчид нь төрийн буянд хотойхооргүй бэл буусан болохоор жилд ганц тохиох цагаан сараараа тоглох дүрийнхээ хувцас хэрэглэлд гар татдаггүй. Драмын театрын жүжгийн дүрүүдийн хувцас хэрэглэл хулхи байдаг юм. Хэвийн боовыг модоор зорно. Ноён хатны дээл хувцас, хөөрөг, гутал гэхэд л бүгдийг хямд хүний нүд хуурсан материалаар орлуулдаг бол “Төрийн ордны золголт” жүжгийн хувцас, хэрэглэл ёстой оригоороо байдагтаа онцлог. Битүү сувдан гутал, үнийн ханш нь “сая доллар” гэж дуугарч байгаа эрдэнийн хөөрөг. Хээ хуарыг нь тусгайлан захиалж Япон улсад хийлгэсэн метал утастай торгон дээл, Эрхмүүд бүсэндээ дүүжлэх цэвэр алтан ембүү зэрэг улсын түүхийн музейд ч байхгүй хосгүй үнэт эдлэлийг төрийн ордны золголтоос харж болдгоороо нүнжигтэй. Жүжигт тоглосон гишүүд, сайдууд баян тарганаараа нэгнийхээ дээр гарах гэж өрсөдцөцгөөнө. Энэ жилийн цагаан сараар өмсөх АН-ын “сумо” Батбаяр гишүүн өөрийнхөө дээлэнд 10 сая, авгайнхаа дээлэнд 20 сая төгрөг зарцуулан толгой цохиж яваа бол МАХН-ын Сайхансамбуу гишүүний өмсөх дээлийн товч нь 45 сая төгрөгийн үнэтэй гэж оёдолчин нь мэдээлж байна. Дүрвэд далай хааны хувцасыг амилуулсан модель гишүүн 32 угалзтай монгол гутал өмссөн бол, Сэцэн хааны дүрд тоглосон гишүүн 64 угалзтай гутал өшиглөн илүүрхэнэ.
Сур нь харагдахгүй битүү мөнгөн бүс нэг гишүүн ороосон бол, нөгөө нь алт мөнгөөр 12 жил товойлгон, арслан барс ноцолдуулан урласан бухын хүзүүн ширэн бүс зүүж гангарах жишээтэй. Банкир гишүүн Чулуун-батын 500 сая төгрөгийн үнэтэй хөөрөгтэй зөрүүлэх гэж Гүндалай Чүнчигноров хөөрөг үнэ хаян авав. Авсан хөөргөө барьж хөөрөн баясаж Лүндаа гишүүнд үзүүлэн миний хөөрөг парламентдаа нэг номер биз гэж шинжүүлэв. Гэтэл Лүндаажанцан манай намынхан чинийх шиг чулуугаар нохой руу шиддэг юм гэж баярхан унтраажээ. Монголын “Төрийн ордны золголт” жүжигдаанч зеритель муутай. Зерительд нь ажлаа хийж яваа гадаад, дотоодын хэдэн сурвалжлагч, гишүүдийн туслах, ордны үйлчилгээ аж ахуйнхан, хамгаалалтын албаныхан суухдаа сууж, гүйхдээ гүйж үзэж шүүн албан бусаар номинацуудад шалгаруулан ам дамжин бүтэн жил ярьдаг юм. Цагаан сарын шиний нэгний дараа тохиох ажлын өдөр жүжиг эхэлнэ. Энэ жүжиг төрийн тэргүүн Ерөнхийлөгчид золгох, УИХ-ын даргад золгох, Ерөнхий сайдад золгох, гишүүд хоорондоо золгох гэсэн үндсэн дөрвөн үзэгдэлтэй. Жүжгийн үргэлжлэх хугацаа хоёр цагт багтах боловч жүжиг эхлэхийн өмнө, ялангуяа жүжигчид хувцсаа солих өмсөх нь үнэн хөгжилтэй ёстой нэг бааварлаж өгнө. Төрийн гурван өндөрлөгийн машин дохио хангинуулан ирж, Эрхэм гишүүд, сайдууд бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж унаа тэргээ ордон тойруулан жагсаана.
Туслахууд нь Эрээнээс ирж байгаа наймаачид шиг том том гахай чирэн ордны хонгилоор сүлжилдэнэ. Жүжигчдийн өмсөх хувцас үнэт эдлэл ирж байгаа нь тэр. Жүжигчид өрөөндөө дүрдээ орж хувцаслах гэж сүйд болно. Дүрээ амжилттай бүтээхийн тулд юм уу зориг орохын тулд юм уу зуун грамм, дуртай нэг нь таван зууг ч татчихна. Битүүн, шинийн нэгэнд шараатайлаад хэтрүүлчихсэн зарим нь туслахаараа түшүүлэн хаалга үүдээ тэмтчин зогсох нь энүүхэнд. Өрөө бүрт суугаа хүн харагдахааргүй өндөр идээ засчихсан архи дарс, виски хэнээс ч нуулгүй сөгнөнө. Төрийн ордонд архи дарс, орууддаггүй, согтуу хөлчүү явуулдаггүй хууль тэрөдөр үйлчлэхгүй. Яагаад гэвэл “Төрийн ордны золголт” жүжгийнхэн жинхэнэ архи дарс хэрэглэдэг учраас… Cap шинээр үзэгч, уншигчид маань” Төрийн ордны золголт болов” гэдэг албан ёсны хуурай мэдээлэл авдаг. Харин хөшигний цаана “Төрийн ордоны золголт” жүжигт тоглох сайд гишүүд маань хувцас солих өрөөндөө бэлтгэл хийж дүрдээ хувилах гэж яаж зовж хөглөдгийг цухас өгүүлсү. Нэгдүгээр үзэгдэл эхлэх дохиог тамгын газрынхан өгнө. Саяхан л ардчилсан төрийн сайдууд байсан төрийн томчууд хоромхон зуурын дотор Автономит Монголын хаадууд шиг түүнээс ч илүү хувцаслаад дүрдээ орно. Төрийн томчууд ордныхоо урт урт хонгилоор хаад, хатдын хувцасны загвар үзүүлж хадаг яндар сагсалзуулан алхахад гадаад, дотоодын сэтгүүлчид гайхан алмайрч түүхэн зургийг нь дарна. Эрхэм гишүүд, сайдууд ч өмссөн зүүснээрээ өрсөлдөн сурталчлуулах гэж телевзийн дуран өөд хялам хялам хийнэ.
Тэр жилийн цагаан сараар Цэнгэл сайд Богдын засгийн газрын Ерөнхий сайд Сайн ноён хаан Намнансүрэнгийн дүрийг соңгосон бололтой харагдсан. Дүрийг нь ч гаргуун бүтээсэн. Шинэ хурган дотортой үйтэн хуар дээлний гадуур минжин хүрэм хөдөрч, 64 угалзтай Монгол гутал дүрж, хориод жилний үнэтэй хөөрөг барьсаар гарч ирэхэд хэн ч харсан Сайд Цэнгэл биш Хаан Намнансүрэн морилж явна гэж андуурам. Энэ их хүнд хувцсаар хувцаслаад золголтын ээлж хүлээхдээ, өмссөн үстэй хувцас ордны муу умгар өрөөний халуун хоёрт ухаан алдах шахсан гэдэг. Улаан сайд бол жил бүр Сүх Жанжныхаа дүрийг сонгон бүтээдэг. Жаахан л атигар болохоос дээл, малгай сайхан зохидог модель. Уртын урт хөх торгон дээлэн дээр уран хийцийн хошмогтой хантааз өмсөж жанжин малгай гозойлгоно. Харин Сүх жанжны ташаандаа зүүх ган болд сэлэмний оронд хурдан зээрд мориныхоо хөлсний хусуурыг сэлэм шиг хавчуулж гавъяат уяачын одон энгэртээ гялалзуулах нь үнэхээр сүртэй. Арвин гишүүн улсын эх дагина Дондогдулам хатны юм уу, Мандухай сэцэн хатны дүрийг бүтээн хувцасладаг аж. Олон сайхан дээлэнд их ч хөрөнгө зарна. Номинацдаа тогтмол түрүүлсэн амжилтыг өдий хүртэл хэн ч эвдээгүй болохоор манай сэтгүүлчид “МАХН-ын Мандухай хатан” гэдэг юм. Бат-Эрдэнэ гишүүн сайхан ч эр монгол топ модель. Үлгэрийн баатрын дүрийг сонгон аваад, сум хөө хуяг агсуулаад алхуудбал охидууд байтугай эрчүүд атаархам. Байнгын хороон дарга Бат-Эрдэнэ аварга арав түрүүлсний алтан одот малгайныхаа улаан залааг цагаан ноолууран дээлийнхээ ар руу сурмаг хаян, дөчин лангийн мөнгөн бүс, хөөрөг сэлтээ агсан хүнд хүнд алхан гарч ирэхэд төрийн ордны хуучин муу шал хотолзом. Нүнжигтэй сайхан эрийн “Халхын сайхан Юндэн гө гө” номинацыг алдаагүй явсан модель. Аваргын том атган дахь эрдэнийн чулуун хөөргийг барагтай эр хоёр гардаад ч даахааргүй нь бас л нэг онцлог.
Гэвч өнгөрсөн жил “Төрийн ордны золголт” жүжигт Японы сумочин Батбаяр орж ирснээр аварга маань номинацаа хадгалж чадаагүй ээ. Шинэхэн гишүүн шинэхэн хайрттайгаа хослон учиртай гурван толгой дуурийн Юндэн, Нансалмаа хоёр ч атаархамаар хувцаслан гарч ирж гайхуулсан. Энэ цагаан сараар “Юндэнг гөгө гишүүн” номинацыг Бат-Эрдэнэ аварга авах болов уу, Батбаяр сумочин хадгалах болов уу бүү мэд дээ. “Төрийн ордны золголт” жүжгийн гоёлыг намаар нь ярих юм бол 80 жилтөрийн буян эдэлсэн МАХН-ынхан тасархай нүнжигтэй хувцаслана. Энхбаяр намын дарга төрийн өңдөрлөгүүдэд байхдаа Чингис, Жавзандамба хааны өмсөөгүйг өмсөж эдлээгүйг эдэлсэн дүрийг гайхамшигтай бүтээсэнд намынх нь ялалтын нууц байгаа гэж сайдууд нь бэлэгшээдэг. Харин өнгөрсөн цагаан сарын “Төрийн ордны золголт” жүжигт МАХН-ын дарга Ерөнхий сайд байсан Баяр муу тоглосон. Мориноос унасан. Цагаан сараар европ хувцастай төдийгүй, нэг муу даавуу дээлэн дээр орос эсгий малгай, даавуун бүс бүсэлсэн нь бэлэг дэмбэрэл муутай төдийгүй хийморийг нь доройтуулснаас өөрөө огцорсон гэж гишүүд нь үздэг байна . “Төрийн ордны золголт” жүжгийн муу хувцастай эсрэг талын баатруудын дүрийг хуучин саарал даавуу тэрлэгээ сольдоггүй Гүндалай, cap шинэ тулж “Төрийн ордны золголт” жүжиг болохоор зэрэг л хүнээс дээл гуйгаад гүйж явдаг Алтай, Монгол хувцсыг тоодоггүй Оюун зэрэг гишүүн бүтээж харагддаг. Тэд шилдэг муу хувцастай, харамчийн номинацад шалгарна. Баян хүн лаагаа иднэ үү луувангаа иднэ үү чамд ямар хамаа байна гэгчээр төрийн томчууд юугаа өмсөж зүүнэ, чам мууд ямар хамаа байна гэж уншигчид загнах байх аа.
Гэхдээ хаадууд ч юм шиг сайдууд ч юм шиг эвгүй харагддаг юм. Төрийн ордны золголт гэж байх ёстой ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. “Төрийн ордны золголт” төрийн ажил юм бол хуульчлах хэрэгтэй байна. Жүжиг юм бол дөмөгхөн дэглэж драммын театр? Бөхийн өргөөнд олон нийтэд тогломоор юм. Сэтгүүлчид нэгэнт жүжиг гэж хардаг үздэг хувцаслалтаар нь шалгаруулдаг болохоор шүүмж бичиж зарим зан үйлийн хэсгийг хасах санал байна. Улс орныхоо нэр хүндэд нэмэртэй болов уу. Жишээ нь эл жүжиг эхлэхээс дуусах хүртлээ үзэгдэл үйлдэл бядоҗрдщагдцаг хүн бүр хөөрөг зөрүүлж тамхилдагтсэсгийг хасмаар байна. Барууны зарим сэтгүүлчид хүн бүр нунтаг цагаан юм хамар руугаа чихэхээс их л сэжиглэж болгоомжйлж байгаа харагддаг юм. Манай дээдсүүд үүнийг анзааралгүй заавал тэр нунтаг цагаанаас үнэрлэхийг шаардана. Бид монгол хүн болохоороо хамрын тамхийг хөгшид, хүүхэдгүй үнэрлэх ёстой гэж мэддэг ч тэд нунтаг цагаан юмыг хар тамхи /марихуан/ гэж ойлгодог юм. Магадгүй гадаадын нэгэн хэвлэл дээр монгол төрийн томчууд баяраараа цуглаж эртний түүхэн жүжигт өөрсдөө тоглохыг би үзсэн. Тэд төрийн ордондоо цуглаад марубени татдаг уламжлалтай гэж мэдээлбэл яана. Их хурлын Лү, Го тэргүүтэй олон гишүүд нунтаг цагааныг бүүр шуналтай ихээр хамар руугаа чихэж байгаагаагаа ядаж бусдаас нуудаггүй. За больё цагаан cap болж байхад дэмий ч юм биччихэв үү. Төрийн томчууд минь cap шинэдээ сайхан шинэлээрэй. Алт мөнгө их хурааж, америк доллароор тэрбумтан болж, ахин дахин сонгогдохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
//
Aнгилал
Хөгийн юм
// //
your widget
Popular Posts
Recent Posts
Download
Blogger Tricks
Толь Бичиг
Popular Posts
-
Хэсэгтээ л ховордож байсан монгол банхарын зураг болон бичлэг орууллаа сүртэй амьтан байгаа биз...
-
1981 онд анх Evil Dead one in hindi нэртэй 1-р анги нь гарж байсан уг кинооны 3-р анги болох Evil Dead 3 Army of darkness их гоё киноог хүр...